2010/09/20

НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Конвенц


 Save the Children Mongolia 
Энэхүү Конвенцид оролцогч улсууд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд тунхагласан зарчмуудын дагуу нийгмийн бүх гишүүдийн угаас заяасан нэр төр, тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь дэлхий дахинд эрх чөлөө, шударга ёс, энх тайвныг хангах үндэс болно гэж үзэж,
Нэгдсэн Үндэстний ард түмэн дүрэмдээ хүний үндсэн эрх, хувь хүний нэр төр, үнэ цэнэд итгэдгээ нотолж, нийгмийн дэвшлийг хангах, амьдралын түвшинг дээшлүүлэхэд илүү эрх чөлөөтэйгээр дэмжлэг үзүүлэх саналтай байгааг анхаарч;
Нэгдсэн Үндэстний Байгууллага нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалд болон хүний эрхийн тухай олон улсын пактуудад заасан бүхий л эрх, эрх чөлөөг хүн бүр арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний хийгээд нийгмийн гарал, эд хөрөнгийн байдал, төрсөн болон бусад байдлыг үл харгалзан, аливаа ялгаваргүйгээр эдлэх ёстойг хүлээн зөвшөөрч;

Нэгдсэн Үндэстний Байгууллага Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүүхэд онцгой халамж, туслалцаа авах эрхтэй гэж тунхагласныг санаж;
гэр бүл, түүний гишүүдийн, ялангуяа хүүхдийн өсөж бойжих, аж төрөх жам ёсны орчин, нийгмийн үндсэн нэгж болохын хувьд нийгэмд хүлээх хариуцлагыг бүрэн хэмжээгээр үүрүүлэхэд шаардлагатай хамгаалалт, туслалцаа хүртэх ёстойг ойлгож;
аз жаргал, хайр, ойлголцол бүхий гэр бүлийн орчинд өсөж бойжих нь хүүхдийн бүрэн, өв тэгш хөгжлийг хангах болохыг хүлээн зөвшөөрч;
хүүхдийг нийгэмд бие даан аж төрөхөд бүрэн бэлтгэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд тунхагласан төгс үзэл санаа, ялангуяа энх тайван, нэр төр, тэвчээр, эрх чөлөө, тэгш эрх болон эв санааны нэгдэл бүхий үзэлтэйгээр өсөн хүмүүжих ёстой гэж үзэж;
хүүхдэд ийм онцгой халамж тавих шаардлага байгаа тухай Хүүхдийн эрхийн тухай 1924 оны Женевын тунхаглал, Ерөнхий Ассамблейгаас 1959 оны 11-p сарын 20-ны өдөр батласан Хүүхдийн эрхийн тунхаглал болон Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт /тухайлбал 23, 24-p зүйлүүд/, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт /тухайлбал 10-p зүйл/, түүнчлэн хүүхдийн аж байдлын асуудал эрхэлсэн олон улсын болон төрөлжсөн байгууллагуудын холбогдох баримт бичиг, дүрэмд тусгагдаж хүлээн зөвшөөрснийг анхааралдаа авч;
“хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатайг” Хүүхдийн эрхийн тунхаглалд заасныг анхааралдаа авч;
хүүхдийн аж байдал, хамгаалалтын талаархи нийгэм, эрх зүйн зарчмын тухай тунхаглалын заалт, ялангуяа улс болон улс хооронд хүүхэд хүмүүжүүлэх, үрчлүүлэхээр шилжүүлэх, Насанд хүрээгүй хүмүүсийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын наад захын жишиг дүрэм /Бээжингийн дүрэм/, Онц байдал болон зэвсэгт мөргөлдөөний үед эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалах тухай тунхаглалын заалтыг иш үндэс болгож; дэлхийн улс бүрт хүнд нөхцөлд амьдарч буй хүүхэд байгаа бөгөөд тэдэнд онцгой анхаарал шаардлагатайг хүлээн зөвшөөрч;
хүүхдийг хамгаалах, өв тэгш хөгжүүлэхэд ард түмэн бүрийн уламжлал, соёлын үнэт зүйлс чухал гэдгийг харгалзан үзэж;
улс бүрт, ялангуяа хөгжиж байгаа орнуудад хүүхдийн амьдралын нөхцлийг сайжруулахад олон улсын хамтын ажиллагаа чухал болохыг хүлээн зөвшөөрч,
дор дурдсан зүйлийг хэлэлцэн тохиролцов:

I Хэсэг

1-p зүйл:
Энэхүү Конвенцийн зорилгод тухайн хүүхдэд хэрэглэх хуулийн дагуу тэрээр 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ.

2-p зүйл:
1. Оролцогч улсууд хүүхдийн, түүний эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагчийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс, угсаа, нийгмийн гарал, эд хөрөнгө, эрүүл мэнд, төрсөн болон бусад байдлаас үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчилахгүй энэхүү Конвенцид заасан бүх эрхийг харьяалалдаа байгаа хүүхэд бүрийн хувьд хүндэтгэн хангана.
2. Оролцогч улсууд хүүхдийг, түүний эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч болон гэр бүлийн бусад гишүүний байдал, үйл ажиллагаа, үзэл бодол болон итгэл үнэмшлийг үндэслэн аливаа хэлбэрээр алагчилахгүй бөгөөд шийтгэхээс хамгаалах бүх зохистой арга хэмжээг авна.

3-p зүйл:
1. Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.
2. Оролцогч улсууд хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч буюу түүний төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн эрх, үүргийг харгалзан, хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна.
3. Оролцогч улсууд хүүхдийг халамжлах, хамгаалах үүрэг бүхий газар, алба, байгууллагыг аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт, ялангуяа ажилчдын орон тоо, чадавхид хяналт тавих үүднээс эрх бүхий байгууллагаас тогтоосон жишигт нийцсэн нөхцлөөр хангана.

4-p зүйл:
Оролцогч улсууд энэхүү Конвенцид хүлээн зөвшөөрсөн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль тогтоох, захиргааны болон бусад бүх арга хэмжээг авна. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хэрэгжүүлэх арга хэмжээг нөөц бололцоондоо тулгуурлаж дээд зэргээр ашиглах, шаардлагатай бол, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд авна.

5-p зүйл:
Оролцогч улсууд эцэг эх, зохих тохиолдолд, нутгийн ёс заншлын дагуу өргөтгөсөн гэр бүл, нийгэмлэгийн гишүүд, асран хамгаалагч болон хүүхдийн өмнөөс хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн хариуцлага, эрх, үүргийг хүндэтгэн, хөгжиж буй хүүхдийн чадавхид нийцүүлэн энэхүү Конвенцид заасан эрхээ хэрэгжүүлэхэд удирдан чиглүүлнэ.

6-p зүйл:
1. Оролцогч улсууд хүүхдийн амьд явах жам ёсны эрхийг хүлээн зөвшөөрнө.
2. Оролцогч улсууд хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана.

7-p зүйл:
1. Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсөн цагаасаа нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ.
2. Оролцогч улсууд эдгээр эрхийг, ялангуяа хүүхэд иргэний харьяалалгүй болох тохиолдолд үндэсний хууль тогтоомж, холбогдох олон улсын баримт бичгийн дагуу хүлээсэн үүрэгтээ нийцүүлэн хэрэгжүүлнэ.

8-p зүйл:
1. Оролцогч улсууд хуульд заасан иргэний харьяалалтай байх, нэр авах, гэр бүлийн холбоогоо хадгалах зэргээр хувийн онцлог байдлаа хадгалах хүүхдийн эрхийг хүндэтгэх, үүнд хууль бусаар оролцохгүй байх үүрэг хүлээнэ.
2. Оролцогч улсууд хүүхэд хувийн онцлог байдлаа зарим талаар буюу бүхэлд нь хууль бусаар алдахад хүрвэл даруй сэргээн тогтооход чиглэсэн тусламж, хамгаалалт үзүүлнэ.

9-p зүйл:
1. Оролцогч улсууд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад шаардлагатай хэмээн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн дагуу, хэрэглэгдэх хууль, журмыг үндэслэн шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг эхээс нь салгахгүй байх үүрэг хүлээнэ. Ийм шийдвэрийг эцэг эх хүүхэддээ хэрцгийгээр харьцах, анхаарал, халамжгүй орхих, эсхүл эцэг эх нь тусдаа амьдардаг тохиолдолд хүүхдийн оршин суух газрын талаар зохих шийдвэрийг гаргана.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу холбогдох аливаа асуудлыг хэлэлцэхэд сонирхогч бүх талыг оролцуулж, үзэл бодлоо илэрхийлэх бололцоог тэдгээрт олгоно.
3. Хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг эхийнхээ аль нэгнээс буюу хоёулангаас салж хагацсан хүүхэд эцэг, эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг оролцогч улсууд хүндэтгэнэ.
4. Хүүхдийн эцэг эхийн аль нэг нь буюу хоёулаа эсхүл хүүхэд нь баривчлагдах, хоригдох, цөлөгдөх, хөөн зайлуулагдах буюу нас барах /тухайн улсын хяналтад байх хугацаанд нас барах/ зэргээр оролцогч улсын санаачлагаар авсан арга хэмжээний үр дүнд хүүхэд эцэг эхийн аль нэгнээс буюу хоёулангаас салах тохиолдолд аливаа шалтгаанаар хүүхдийн сайн сайхан байдалд хор учруулахааргүй бол оролцогч улсууд эцэг эх, хүүхдэд, шаардлагатай тохиолдолд гэр бүлийн бусад гишүүдэд, тэдгээрийн хүсэлтээр алга болсон гишүүний оршин байгаа газрын талаар шаардагдах мэдээлэл өгнө. Цаашид оролцогч улсууд ийнхүү хүсэлт гаргах нь зохих хүмүүст сөрөг үр дагавар бий болгохгүй байхыг хангана.

10-p зүйл:
1. 9-p зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу гэр бүлтэйгээ нэгдэх зорилгоор оролцогч улсад очих буюу гарах тухай хүүхэд, түүний эцэг, эхээс гаргасан хүсэлтийг нааштай, энэрэнгүй, шуурхай байдлаар авч үзвэл зохино. Ийм хүсэлт нь хүсэлт гаргасан хүн, түүний гэр бүлийн гишүүдэд сөрөг үр дагавар бий болгохгүй байхыг оролцогч улс хангана.
2. Эцэг эх нь өөр улсад амьдарч байгаа хүүхэд онцгой шалтгаангүй тохиолдолд эцэг эхтэйгээ тогтмол хувийн болон шууд харилцаатай байх эрхтэй. Энэ зорилгоор, мөн 9-p зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор, оролцогч улсууд хүлээсэн үүргийнхээ дагуу эх орноосоо буюу өөр аливаа улсаас гарах, эх орондоо эргэж ирэх хүүхдийн болон түүний эцэг, эхийн эрхийг хүндэтгэнэ. Аливаа орныг орхин гарах эрхийн хувьд гагцхүү үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, нийтийн эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах үүднээс хуулиар тогтоосон болон энэхүү Конвенцоор хүлээн зөвшөөрсөн бусад эрхтэй нийцсэн хязгаарлалт хийнэ.

11-p зүйл:
1. Оролцогч улсууд хүүхдийг хууль бусаар шилжүүлэх буюу гадаад улсаас эх оронд нь буцаахгүй байхтай тэмцэх арга хэмжээ авна.
2. Энэ зорилгоор оролцогч улсууд хоёр талт болон олон талт хэлэлцээр байгуулах буюу хүчин төгөлдөр үйлчилж байгаа хэлэлцээрт нэгдэн орох арга хэмжээ авна.

12-p зүйл:
1. Оролцогч улсууд өөрийн үзэл бодолтой байх чадвар бүхий хүүхдийг өөртэй нь холбоотой бүх асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр хангах бөгөөд хүүхдийн нас, төлөвшлийн байдлыг харгалзан түүний үзэл бодолд зохих ач холбогдол өгнө.
2. Энэ зорилгоор өөртэй нь холбоотой асуудлыг шүүх буюу захиргааны журмаар хэлэлцүүлэхэд шууд, эсхүл үндэсний хууль тогтоомжид заасан журмын дагуу төлөөлөгчөөр буюу зохих байгууллагаар дамжуулан үг хэлэх бололцоог хүүхдэд олгоно.

0 сэтгэгдэл:

Post a Comment